СҮХБААТАР: Сурагчид БНСУ-д мэдээлэл, технологийн чиглэлээр суралцахаар замдаа гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ЕБС-ийн
ахлах ангийн сурагчдын төлөөлөл мэдээллийн технологийн чиглэлээр богино хугацааны сургалтад хамрагдахаар БНСУ-ыг зорилоо. Энэхүү үйл ажиллагааг Сүхбаатар аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс
зохион байгуулж буй.
Сурагчид хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд суралцахын зэрэгцээ мэдээлэл,
технологийн салбарын хөгжилтэй танилцах
аяллын хөтөлбөрт хамрагдана.
Энэхүү аяллын хүрээнд БНСУ-ын дэвшилтэт технологи, хиймэл оюун, боловсрол, шинжлэх ухааны салбартай танилцан мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ тус улсын түүх, соёлтой танилцах юм. Цаашлаад ЕБС-ийн есдүгээр ангийн сурагчид төгсөөд тус
улсын мэргэжлийн боловсролын сургуульд суралцах боломж бүрдэнэ.
Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь чадвартай бүтээлч иргэдийг бэлтгэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулсан мэдээллийн технологийн “ХУРДАН” клубийг үүсгэн байгуулж, сайн дурын цахим элч бэлтгэж эхэлсэн
бөгөөд энэ удаагийн аялал нь цахим элчээ чадавхжуулах ажлын
нэг хэсэг юм.