ӨВӨРХАНГАЙ: Тэвш уулын булшнаас олдсон алтан сүлбээр

ӨВ СОЁЛ
batchimeg@montsame.mn
2025-02-09 12:22:31

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол орны гоёл чимэглэлийн зүйлсийн олдвор дотроос хамгийн сонирхолтой нь Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын дөрвөлжин булшнаас гарсан аргалийн толгойн хэлбэртэй хоѐр алтан сүлбээр юм.


Эртний нүүдэлчдийн ур ухаан шингэсэн өвөрмөц хийцтэй эдгээр алтан сүлбээрийг 1971 онд Монгол-Зөвлөлтийн түүх соёлыг судлах шинжилгээний ангийн археологич Д.Наваан, Ц.Доржсүрэн, В.В.Волков нар илрүүлсэн байна.


10х6 м хэмжээтэй, дөрвөлжин хэлбэрийн чулуун далантай булшийг малтан судлахад 1.8 м гүнд оршуулсан хүний хоёр санчгийн тус газар уг алтан сүлбээрийг зөрүүлэн тавьсан байжээ.


Сүлбээрийн их биед аргалийн толгойг дотогш эргэсэн бахим эвэр, монхор сартгар хамар, хөнхөр том нүдтэйгээр уран төгс дүрсэлсэн байв. Аргалийн ар шил, сэрвээг дагуулан хэдрэгийн ир мэт хөндлөн иржгэр хээг үүсгэж, тэдгээрийн завсар хооронд 6, 8 ширхэг нуух гарган ногоон оюу шигтгээ суулгаж, гоѐл чимэглэлийн өнгө хорших аргыг хэрэглэсэн байна.


Уг олдворыг хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн оюуны соёл, төмөрлөг боловсруулалтын түвшин, арга ажиллагааг харуулах чухал үзмэрт тооцдог бөгөөд Чингис хаан үндэсний музейн сан хөмрөгт архивлажээ.

 

Холбоотой мэдээ