Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчдийн газрыг Улаанбаатар, Ташкентад байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-10 09:49:46

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол, Бүгд Найрамдах Узбекистан улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Улаанбаатар, Ташкент хотод худалдаа-эдийн засгийн төлөөлөгчийн газрыг байгуулах үүргийг хоёр орны ХАҮТ-ууд хүлээлээ.


Энэхүү хуралдааныг Узбекистаны Ташкент хотноо энэ сарын 6-7-нд зохион байгуулсан юм. Хоёр орны төлөөлөл Төв Азийн бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр анхаарч байгаагийн илрэл нь энэхүү хуралдаан хэмээн онцолсныг МҮХАҮТ мэдээллээ.


Узбекистан нь эдийн засгийн үзүүлэлтээрээ хөгжиж буй орны тоонд багтдаг, далайд гарцгүй гэхчлэн манай улстай адил төстэй зүйл олон бий. Тиймээс дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах, давуу тал нөөц боломжоо харилцан ашиглах, хоёр улсын худалдааны саад тотгорыг багасгах талаар хэлэлцэж, харилцаагаа өргөжүүлж байна.


Хуралдаанд Монгол Улсын талаас УИХ-ын гишүүн, Шадар сайд, Монгол, Узбекистаны ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од болон бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

 

Холбоотой мэдээ