ХӨВСГӨЛ: Хөвсгөл аймаг Эрхүү хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-11 16:24:49

Мөрөн, 2025 оны  хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн ХБНГУ-ын Барут хот, БНХАУ-ын Дань дун хот, ОХУ-ын Эрхүү хот, БНСУ-ын Тэжон хоттой хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар ОХУ-ын Эрхүү хотод ажлын айлчлал хийж Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев хүлээж авч уулзав.


Уулзалтын үеэр Засаг дарга Л.Төмөрбаатар, Амбан захирагч И.И.Кобзев нар хамтын олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах талаар санал солилцлоо.



Тухайлбал Ханх-Мондын боомтоор нефть импортолж Ханх сумын иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, ОХУ-аас авсан бараа бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг Улаан-Үд, Эрхүү хотод хийж байгааг Мондын гааль дээр хийдэг болох боломжийг бий болгох талаар ярилцлаа.


Мөн Ханх суманд тулгарч буй эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх, сурагч солилцоо хөтөлбөрийг үргэлжлүүлэх, Эрхүү мужаас орос хэлний багшийг Хөвсгөл аймагт ажиллуулах, аялал жуулчлалыг хөгжүүлж, хоёр талын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн түншлэлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй асуудлаар санал солилцлоо.


Сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн намар ОХУ-ын Эрхүү хотын Лесной цогцолбор сургуулийн 15 сурагч, 2 багш Хөвсгөл аймгийн Ханх сумын “Мосты дружбы” зусланд ирж монгол ахуй соёл, зан заншил, дуу бүжиг, нүүдэлчин айлын аж ахуй, идээ хоолны соёлтой танилцсан юм.

 

 

Холбоотой мэдээ