Японы “Күмон” боловсролын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр Японы “Күмон” боловсролын хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд тус хүрээлэнгийн стратеги төлөвлөлт, сурталчилгааны хэлтсийн дэд дарга Кентаро Миёоши “Күмон” сургалтын хөтөлбөрийнхөө талаар танилцуулав. “Күмон” нь дэлхийн 63 оронд сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг агаад хүүхэд тус бүр дээр түвшинд нь тохирсон сургалтыг явуулж, алхам алхмаар ахих ахицаар нь үнэлдэг онцлогтой аж.
Математикийн багш Күмоны нэрээр нэрлэсэн нь ч түүний заах арга зүй, сурганы системийг хөтөлбөртөө нэвт шингээсэнтэй холбоотой гэдгийг хэллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр өнгөрсөн 11 дүгээр сард Япон улсад албан айлчлал хийх үеэрээ тус хүрээлэнгийн төлөөлөгчдийг Монголд урьж, “Күмон” хөтөлбөрийг манай орны хувийн хэвшлийн сургуулиудад танилцуулахыг хүссэний дагуу ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.
Уулзалтаар "Күмон"-ы заах арга зүйг Монголд нэвтрүүлэх туршилтын төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсролын яам, Япон Улсын "Күмон" боловсролын хүрээлэн харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.
Санамж бичигт Монголын талаас Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа, Японы талаас "Күмон" Боловсролын хүрээлэнгийн стратеги төлөвлөлт, сурталчилгааны хэлтсийн дэд дарга Кентаро Миёоши нар гарын үсэг зурав гэж Боловсролын яам мэдээлэв.