Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгдэл бий болгохоор төлөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-12 11:54:19

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн Эко парк төслийн хүрээнд мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгдэл бий болгохоор төлөвлөж байна.


Тус нэгдэл нь мэдээллийн урсгал, үйлдвэрлэлийн үйл явц, санхүүжилтийн арга хэлбэрийг нэгтгэсэн үйлчилгээний платформ бий болгож, олон улсын аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны зарчим, цахим эдийн засгийн хэрэглээнд суурилсан байх юм. Мөн монгол үндэсний уламжлалт өв соёлд түшиглэсэн стандарт, чанар, брэнд, технологийн тогтолцоог хөгжүүлж, олон улсын эдийн засгийн интеграцид нэгдэх, үнэ цэнтэй эдийн засгийн орчныг бий болгох зорилготой.


Говьсүмбэр аймгийн Баянтал сумд байгуулах тус үйлдвэр технологийн парк нь газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, дагалдах үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжин, мал аж ахуйн үйлдвэрлэлийн кластерыг дэмжиж, ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө, худалдааны сүлжээний нэгдлийг цахим технологийн тусламжтай бий болгон мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, бүс нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх ач холбогдолтойг ХХААХҮЯ мэдээллээ.


Баянтал сум нь уул уурхайн үйл ажиллаагаа явуулдаггүй цөөхөн сумын нэг гэдгийг онцолж, энэ нь уламжлалт мал аж ахуйд суурилсан эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж дүгнэснийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жалбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар “Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн Эко парк” төслийн багийнхантай уулзах үеэр онцолж байв. 

Холбоотой мэдээ