Туршилтын шинэ төслүүд хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ![](/files/67ac4f6e0c828.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн хурлаар энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг батлах, Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл, Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөрт нэмэлт оруулах, Ажил мэргэжлийн стандартын төслийн тухай, Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн 2025 оны төсвийг хуваарь батлах, зөвлөмж гаргахыг хэлэлцэж, тогтоолын төслүүдийг баталлаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр энэ онд 5 багц үйл ажиллагаа, Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний
зөвлөлөөс тодорхойлсон 6 багц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих чиглэлээр туршилтын шинэ төслүүдийг хэрэгжүүлнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, олон улсын
жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Job center” төвийг ажиллуулж,
дэмжих туршилтын төсөл, зорилтот бүлгийн иргэний үүсгэн
байгуулсан бичил, жижиг аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих “Хөгжлийн гүүр
төсөл”-ийг туршин нэвтрүүлэх юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ онд санхүүжүүлэн хэрэгжүүлэх үйл
ажиллагааны төлөвлөлтийн үйл явцыг сайжруулах, өмнөх жилүүдийн хэрэгжилт,
гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг засахад ахиц дэвшил гаргахад онцгойлон анхаарч байгааг ГБХНХЯ мэдээлжээ.