Тусгай зөвшөөрөл, татварын гол хуульдаа онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ![](/files/67ac6d8273b80.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй, бизнес эрхлэгчдэд саад тотгор учруулдаг бүх чөдөр, тушааг халахад зориулсан “Бизнест ээлтэй Монгол” хөтөлбөрийг хэрэгжилтийг сайжруулж, татварын орчин, тусгай зөвшөөрлийг нэн даруй цогцоор нь шийдэж болохыг аж ахуйн нэгжийн төлөөлөл мэдээлэв.
Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-ын гүйцэтгэх захирал О.Адьяа, "Манай танхим татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой 10 санал хүргүүлсний
нэг нь татварын маргаан шийдвэрлэх тухай юм. Бидний хийсэн судалгаагаар сүүлийн
3-4 жилд 10 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хөрөнгө орж ирэх боломж хаагдсан. Монголын хамгийн том хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай өнөөдрийг
хүртэл татварын маргаантай байна. Энэ нь гадаад талдаа бидний нэр хүндэд сөрөг
нөлөөтэй юм" хэмээв.
Түүнчлэн ажлын байр бий болгох боломж бүрдүүлж, ХАОАТ, НДШ-ийг нь хамгийн багаар тогтоож, бусад улсын жишигтэй ижил эхний 5 жилийг ч болов чөлөөлөх хэрэгтэй. Гарааны, жижиг дунд бизнес эрхлэгчдийг татвараас 100 хувь чөлөөлж, тодорхой хугацаанд өсөж дэвжих боломж олгох ёстой. Мөн бизнес эрхлэхэд төрөөс зөвшөөрөл авахад олон арван шат дамжлага дамжихын зэрэгцээ тоймгүй их баримт бичиг шаарддаг. Зуу хоног хүлээх шаардлага ч үүсдгийг нэн даруй шийдэх хэрэгтэйг энэ үеэр тодотгосон юм.
Харин МХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хэлэхдээ, "Улсын хэмжээнд 372 зөвшөөрөл олгодгоос 251 тусгай, 121 энгийн зөвшөөрөл юм. Хэдийгээр зөвшөөрлийн тоо багассан мэт боловч үүнтэй холбоотой төлбөр хураамж маш их төвлөрдөг. Үүнийг халж нийтийн болон бизнесийг төлөөлсөн байгууллагад зөвшөөрөл олгох эрхийг нь шилжүүлэх хэрэгтэй" гэлээ.