Монголын цахим худалдааны долоо хоногийг гуравдугаар сард зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-14 13:19:31

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комиссоос санаачилсан “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хуралдаан ГХЯ-нд энэ сарын 13-ны өдөр болов.

 

Хуралдаанаар ГХЯ-наас “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон АНДЭЗНК болон ЕХ-ны Монголын гадаад худалдааг дэмжих төсөлтэй хамтран гуравдугаар сард зохион байгуулах “Монголын цахим худалдааны долоо хоног” арга хэмжээний талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав. Мөн Гишүүд “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, худалдаатай холбоотой үйл ажиллагааг цахимжуулах талаар цаашдын чиг хандлага, тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, оролцогч байгууллагуудын түвшинд зохицуулалт хийхээр тогтов.   


Хуралдааныг Гадаад харилцааны яамны Олон улсын худалдаа, эдийн засгийн газрын захирал Г.Өлзийсайхан даргалж, ЦХИХХЯ, ЗТЯ, ЭЗХЯ АҮЭБЯ, ХХААХҮЯ, ГЕГ, МЭГ, СХЗГ, ҮСХ, МҮХАҮТ, Монголбанк, Үндэсний Дата Төв болон Монгол Шуудан ХК зэрэг төр, хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл оролцов.  

Холбоотой мэдээ