Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Мюнхений бага хуралд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-15 14:49:57

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-16-ны өдрүүдэд ХБНГУ-д болж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 61 дэх удаагийн бага хуралд оролцож байна.

 

Энэ үеэрээ зарим улсын Гадаад хэргийн сайд нараас гадна олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм. Олон улсын хурлын үеэр уламжлал болон зохион байгуулдаг “Феминист гадаад бодлогын сүлжээ”-ний сайд нарын түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

 

Жар гаруй жилийн турш зохион байгуулж буй Мюнхений бага хурлын оролцогчдын тоо жилээс жилд өсөж, эдүгээ төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, цэрэг, батлан хамгаалах салбарын удирдлага, олон улсын байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын олон зуун төлөөлөгчийг урьж оролцуулан, олон улсын аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцдэг дэлхийд тэргүүлэх чуулган болон өргөжиж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ