БАЯН-ӨЛГИЙ: Мөсний баяраар угсаатны дээлтэй хос шалгаруулах уралдааныг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-02-16 22:46:26

Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран унгалаг толбо-2025" мөсний баярыг хоёрдугаар сарын 15-ны өдөр Толбо нуурт зохион байгууллаа.


Энэхүү баяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалан цэвэр агаарт идэвхтэй хөдөлгөөнд оролцуулах, бие бялдраа чийрэгжүүлэх, өвлийн спортоор хичээллэж буй сонирхогчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм.

 

Мөсний баярт аймгийн бүх сумын төрийн албан хаагчид, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдийн төлөөлөл, зэргэлдээ Ховд аймгийн сонирхогч иргэд зэрэг давхардсан тоогоор 2000 гаруй хүн оролцсон бөгөөд өнгөрсөн жилийн мөсний баяраас илүү өргөн хүрээг хамарч, цаашид аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа, соёл, спортын томоохон наадмын түвшинд хүргэж, жил бүр улам өргөжүүлж, баруун бүс, улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулах боломжтой юм.

 

"Тунгалаг толбо-2025" мөсний баярт аймгийн удирдлагууд оролцож, аймгийн Засаг дарга Е.Зангар нээж үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн бол баярын хүрээнд:

-Тэшүүр,

-Олс таталт,

-Хоккей,

-Мөсөн Сүмо,

-Мөсөн шагайн харваа,

-Мөсөн сурын харваа,

-Спорт загасчлал зэрэг спортын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулж шагналаа.

 

Мөн бүргэдчдийн үзүүлбэр, угсаатны дээлтэй хос шалгаруулах уралдаан анх удаа зохион байгуулсан нь онцгой үйл ажиллагаа болсон бөгөөд цаашид уг баярыг олон улсад сурталчилж, гадаадын аялагчдыг оролцуулан, хүрээг нь өргөжүүлэх шаардлагатай байна.

Холбоотой мэдээ