Улсын начин Л.Энхсаруул бөхийн өргөөнд дөрөв дэхээ түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-16 14:04:00

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Халх Нөмрөгийн Буриад хошууны 100 жил, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан улсын начин Д.Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо.


Барилдаанд  улсын цолтой бөхчүүдээс аварга нэг, арслан нэг, заан тав, харцага тав, начин 15 зодоглов. Улмаар Увс аймгийн Ховд сумын харьяат “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын начин Л.Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, Сүлд” спорт хороо, Булган Хангай” дэвжээний бөх, улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэв. Улсын начин Л.Энхсаруулын хувьд бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд дөрөв дэхээ түрүүлж байгаа нь энэ. Дөрвөн түрүүгийнхээ хоёрыг нь улсын цолонд хүрснээс хойш авсан бол аймгийн арслан цолтойдоо хоёр түрүүлсэн юм.


Тэрбээр ярихдаа, “Д.Цогзолдорж ахынхаа нэрэмжит барилдаанд түрүүлсэндээ баяртай байна. Даваа бүрийн өрсөлдөгч их хүчтэй байлаа. Аль болох өөрийнхөөрөө барилдаж, үзэгчдэдээ уран хурц барилдаан үзүүлэхийн төлөө хичээж барилдаад түрүүллээ. Бэлтгэл дээр давтаж байсан мэхнүүдээ хийж, даваануудаа авсан. Өөрт байгаа бүх зүйлээ дайчлан, уран барилдаан үзүүлж, үзэгчдээ баясгасандаа баяртай байна. Сар шинийн барилдаанд дээгүүр даваанд гарч барилдахын тулд бэлтгэлээ чамбай хийж байгаа. Мэдээж улсын наадмаар цолоо ахиулах нь миний хамгийн том зорилго” гэв.


Тэгвэл үзүүрлэсэн улсын начин Б.Түвшинтөгс бөхийн өргөөнд гурав дахиа үзүүрлэж байгаа нь энэ. Ингэснээр тэр нэг түрүү, гурван үзүүртэй болов. "Гаргасан алдаагаа давтахгүйн тулд бэлтгэл дээрээ сайн ажиллана. Д.Цогзолдорж ахынхаа нэрэмжит барилдаанд үзүүрлэсэнд баяртай байна. Бөхийн өргөөнд зохион байгуулдаг барилдаан өмнөхөөсөө цөөрсөн учраас барилдаануудын чансаа нэлээд өндөр болсон. Тэр хэрээр өрсөлдөөн их байна. Улсын наадмаар цолоо ахиулах зорилготой” хэмээв.


Тус барилдааны их шөвөгт улсын заан Д.Анар, Д.Хүдэрбулга нар шалгарсан бол наймд улсын аварга О.Хангай, харцага Н.Золбоо, О.Мөнх-Эрдэнэ, начин Д.Амарсайхан нар үлдэв. 





Холбоотой мэдээ