ОАНА-гийн Удирдах зөвлөлийн 54 дүгээр хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Куала Лумпур, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн байгууллагуудын холбоо /ОАНА/-ны Удирдах зөвлөлийн 54 дүгээр хуралдаан Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо өнөөдөр эхэллээ.
"Мэдээллийн агентлагууд Тогтвортой өсөлтийн төлөө хиймэл оюун, технологитой ирээдүйг батлах нь" сэдвээр энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тус хуралдаанд бүс нутгийн 13 орны 32 төлөөлөгч оролцож байна. Хуралдааны эхний өдөр “Мэдээллийн хөгжил”-ийн талаар тодруулбал, дижитал болон үзэгч төвтэй хандлага, итгэл үнэмшлийг бий болгох, худал, ташаа мэдээлэлтэй тэмцэх тухай илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Б.Хулан “Худал, ташаа мэдээлэлтэй тэмцэх” талаар илтгэл тавина.
Үндэсний
мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Ази-Номхон далайн мэдээллийн
байгууллагуудын холбооны мэдээллийн нэгдсэн сүлжээ www.oananews.org цахим хуудсанд өдөр
бүр Монголын тухай мэдээ мэдээллийг англи хэлээр гэрэл зураг, дуу дүрстэй нийлүүлдэг. ОАНА-д гишүүнээр 1981 онд элссэнээс
хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, Турк улсын Истанбул хотноо 2010 онд болсон Ерөнхий ассамблейн
ээлжит хурлаас Удирдах зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдож, Улаанбаатар
хотноо Удирдах зөвлөлийн хурлыг 2011
онд амжилттай зохион байгуулсан. Улмаар 2013, 2019, 2022 онд Ерөнхий
ассамблейн хурлаас Удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдсон юм.
ОАНА-г ЮНЕСКО-гийн санаачилгаар 1961 онд байгуулж, одоогоор 35 орны 40 гаруй агентлагийг эгнээндээ нэгтгэн, дэлхий даяар түгж буй нийт мэдээллийн гуравны хоёрыг нийлүүлдэг, нэр хүндтэй байгууллага юм. Тус байгууллагыг 2024 онд Ираны “IRNA” агентлаг, 2025 оноос ОХУ-ын ТАСС агентлаг даргалж, зургаадугаар сард Москва хотноо Ерөнхий Ассамблейн хурлыг зохион байгуулна.