ДОРНОГОВЬ: Сайншанд суманд 8-10 МВт-ын нарны станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-17 12:38:34

Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотноо 8-10 MBт-ын нарнаас дулаан үйлдвэрлэх станцыг 2023-2028 онд байгуулахаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан.


Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа 10 МВт хүртэлх хүчин чадалтай нарны дулааны эх үүсвэрийг 23 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барих бөгөөд уг төслийг GGGI олон улсын байгууллагын тусламжтайгаар санхүүжүүлэх юм. Аймгийн Засаг дага О.Батжаргал төслийг хамтран хэрэгжүүлэгч “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт”, инженер техникийн NXITY зөвлөх үйлчилгээний компанийн төлөөллийг  энэ оны хоёрдугаар сарын 13-нд хүлээн авч уулзан, ажлын явц болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцжээ.

 

Өнгөрсөн онд талууд нарны цахилгааны станцын эдийн засгийн үндэслэл хийх, нарны дулааны станцыг барих талбай болон техникийн холболтын цэгийг хамтран тохирсон байна.


Төсөл амжилттай хэрэгжсэнээр 45000 гаруй иргэн цэвэр дулаан хангамжид холбогдож, 12000 орчим иргэн жилийн дөрвөн улиралд хэрэглээний халуун усыг цэвэр эх үүсвэрээс авах боломж бүрдэх юм. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг урт хугацаанд бууруулах зэрэг иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх томоохон төсөл болох аж.


Ташрамд, дэлхийн улс орнууд шатдаг түлшнээс эрчим хүч гаргаж авахаас аль болохоор татгалзаж ногоон үйлдвэрлэл буюу сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлж буй. Тэр тусмаа салхины эрчим хүчийг Европын орнууд болон АНУ-д өргөнөөр ашиглаж байгаа юм.


Манай улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг одоо байгаагаас 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна.


Холбоотой мэдээ