СЭЛЭНГЭ: БНСУ-тай боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-17 13:47:06

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өнгөрсөн долоо хоногт БНСУ-д албан ажлаар зочлоод иржээ.

 

Аймгийн Засаг дарга БНСУ-тай дараах асуудлууд дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Тодруулбал:

 

-Солонгос улсын Кёнг Нам Чонбу Их сургуульд жил бүр оюутнуудыг сургах бөгөөд суралцангаа ажиллаж болох боломжийг бүрдүүлсэн байна.

 

Мөн тус сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймгаас суралцах хүүхдүүдэд сургуулийн болон засгийн газрын тэтгэлэг олгох, түүнчлэн мэргэжлийн багш нарыг ахисан шатанд засгийн газрын тэтгэлгээр сургах тал дээр хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.

 

-“Уулын кафе” (Солонгос улсын хэмжэээд 120 салбартай) аялал жуулчлалын сүлжээ цогцолбор өөрсдийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймагт салбар байгуулахаар болсон байна.

 

-Гёнгсан Нам Ду аймгийн Хамяан мужийн Засаг дарга Чин Пёнг Юн болон холбогдох салбарын дарга, төрийн алба хаагч нартай уулзалт хийж, улирлын чанартай хөдөө аж ахуйн ажилд Сэлэнгэ аймгийн иргэдийг ажиллуулахаар тохиролцжээ.

 

-Мөн Солонгос улсын орон сууц, албан байгууллага гээд бүхий л салбарын дулаан, халуун, хүйтэн усны систем бойлер үйлдвэрлэдэг Кёнгдун Наби компанийн удирдлагуудтай уулзалт хийж, үйлдвэрийн үйл явцтай танилцаж цаашид хамтран ажиллахаар болсон байна.

 

Аймгийн даргыг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга С.Баасанжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баянбаатар нар дагалдан явсан байна.