Зургаан үе шат дамждаг хүнд суртлыг арилгаж, бүрэн цахимжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Манай улсад 20 мянган иргэн протез, ортопед хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
Нийгмийн халамжийн тухай хуулиар гурван жил тутамд шинэчлүүлэх ёстой ч 10-20 жил хиймэл гар хөлөө солиулаагүй иргэн байсаар байна. Учир нь, төрийн үйлчилгээний хүнд суртал дэндүү их байгааг иргэд ярьдаг. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гурван жил тутамд хиймэл гар, хөл захиалахдаа эмчид оношоо баталгаажуулах, нэхэмжлэх үүсгүүлэх, харьяа дүүргийнхээ эмнэлэгтээ баримт бичгээ бүрдүүлж өгөх, шийдвэр гарахыг хүлээх, санхүүжилтээ хүлээх, бүтээгдэхүүнээ захиалж, хүлээн авах гэсэн зургаан үе шатыг дамжихдаа заавал биеэр очиж, хамгийн багадаа 21 хоног хүлээдэг юм байна.
Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийн протез, ортопедийн үйлдвэрийн төвийн төлөөлөлтэй уулзах үеэрээ энэ бүх үйлчилгээг цахимжуулахаа мэдэгдлээ. Тэрбээр “Төрийн бүх үйлчилгээ цахимжиж буй энэ үед хүнд сурталтай, иргэндээ ээлгүй байж болохгүй. Сум, хорооны хөдөлмөр халамжийн ажилтан иргэндээ хүрч ажилладаггүйгээс бэрхшээл бий болж байна. Энэ хүнд суртлыг арилгаж, цахимжуулах шийдэл гаргаж, хэрэгжүүлэх ёстой” хэмээгээд хугацаатай үүрэг өгчээ.
Манай улсын протезын үйлдвэрт сайн тоног төхөөрөмж бий. Цаашилбал, орчин үеийн шаардлагад нийцсэн 3D хэрэгсэл ч үйлдвэрлэдэг аж. Гэвч тоног төхөөрөмжүүдээ ашиглах хүний нөөц дутмаг байгааг СЗСҮТ-ийн удирдлагууд онцоллоо. Түүнчлэн нарийн мэргэжилтнүүдээ бодлогоор бэлтгэх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн нөхөн сэргээлтийг сайжруулах, халамжийн сангийн өртгийг нэмэгдүүлэх, шинэчлэх, жишиг үнийг бодох аргачлалыг боловсруулж, хүртээмжтэй, чанартай зөв бүтэцтэй болох шаардлагатайг хөнджээ.