Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-21 16:59:09

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтална гэж заасан байдаг.


Энэ дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ахлан, судалгааны дэд ажлын хэсэгт судлаач, багш, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.


Хуулийн төсөл нь хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогоос салгах, нийгмийн халамжийг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах замаар өрх, иргэдийг ядуурлаас гаргах, хүн амын ядуу, эмзэг байдалд өртсөн зорилтот өрх, иргэний амьжиргааг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бэлэн мөнгөний бус үйлчилгээнүүдийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан боловсруулсан байна.


Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн сарын 29-нд төрийн бус байгууллагууд болон аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хэлтсийн Нийгмийн халамжийн хэлтэс, албадын дарга нар, энэ сарын 4-нд нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад танилцуулан, хэлэлцүүлж, саналыг нь авсан аж.


Хуулийн төсөлд оролцогч талуудын саналыг тусган, ирэх хаврын чуулганд өргөн мэдүүлэх юм.  

Холбоотой мэдээ