Монгол, Британийн дугуй ширээний XV уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-27 10:28:25

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Британийн Парламентын гишүүн, Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг Лондон хотноо энэ сарын 26-нд угтан авч, Монгол, Британийн дугуй ширээний XV уулзалт болон Монгол, Британийн хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалын хүрээн дэх хоёр улсын анхны улс төрийн яриа хэлэлцээг хийв.  

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст нар ардчиллын нийтлэг үнэт зүйл, нээлттэй нийгэм болон өсөн нэмэгдэж буй эдийн засгийн харилцаанд суурилсан Монгол, Британийн түншлэл бэхжиж байгааг сайшаав. Талууд геополитикийн хурцадмал байдал гүнзгийрч байгааг тэмдэглэн НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг хүндэтгэх үүрэг амлалтаа нотолж, аливаа нэгэн улсын тусгаар тогтнол болон газар нутгийн бүрэн бүтэн байдлын эсрэг хүч хэрэглэхээс татгалзахыг улс орнуудад уриалав. Мөн олон улсын эрх зүйг хүндэтгэх нийтлэг зарчмаа бэхжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.  

 

Эдийн засгийн өсөлтийн чиглэлээр: 

Сайд нар Монгол, Британийн эдийн засгийн хамтын өсөлтийг хангах хүрээнд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаа нотлов. Талууд Улаанбаатар хотод метроны систем байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжийг Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов. Мөн худалдаанд учирч буй саад тотгор, процессыг хөнгөвчлөх замаар хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх болон тогтвортой, ил тод бизнесийн орчныг бий болгох асуудлаар санал солилцов.  

 

Эрчим хүчний шилжилтийн чиглэлээр: 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг сайд нар онцлов. Талууд Монгол болон Британийн Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудаа биелүүлэхийн төлөө байгааг нотолж, Монгол Улсын уур амьсгалын зорилтыг дэмжих зорилгоор Британийн оролцоо бүхий Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэлээс олгосон санхүүжилтийг сайшаав. Талууд хоёр улсын уур амьсгалын стратегийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төсвийн санхүүжилтийг хөшүүрэг болгох чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхийн чухлыг онцлов. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод нэгдэн орсон Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд зохион байгуулахаар болсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, тус хурлын бэлтгэл ажил, хурлаас гарах үр дүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжилтнүүдийн харилцан солилцоог зохион байгуулахаар тохиров.  


Эмэгтэйчүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр: 

Сайд нар хоёр улсын хүйсийн эрх тэгш байдлыг хангах, Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст Монгол Улсад 2024 онд болсон сонгуулиар эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэнийг онцолж, Монгол Улс 2028 оноос эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэхээр болсныг өндрөөр үнэлэв. Мөн Шадар сайд С.Амарсайхан 2024 онд Британид болсон парламентын сонгуулийн дүнгээр эмэгтэйчүүдийн төлөөлөл хамгийн өндөр түвшинд хүрснийг сайшаав. Талууд “Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 30 жилийн ойг угтан олон талт механизмын хүрээнд хамтран ажиллахаар тохиров.  


Нэн чухал эрдэс баялгийн чиглэлээр:  

Сайд нар Монгол Улсын эрдэс баялгийг байгалийн өвөрмөц тогтоц, өвийг хөндөхгүйгээр олборлох нь чухал гэдэгтэй санал нэгдэв. Мөн хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгмийн хариуцлага болон засаглалын өндөр стандартыг нэвтрүүлэх, Монгол хүний ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулахын ач холбогдлын талаар ярилцав. Энэ чиглэлээр нэн чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлэв.  


Боловсрол, иргэний нийгэм болон иргэд хоорондын харилцааны чиглэлээр: 

Сайд нар Монгол, Британийн иргэд хоорондын харилцаа бэхжиж, ялангуяа Чевенинг тэтгэлэгт хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан солилцоо идэвхтэй өргөжиж байгааг тэмдэглэв. Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст  Монгол Улс дахь англи хэлний сургалтыг британийн тал үргэлжлүүлэн дэмжихийг нотолсон бөгөөд талууд англи хэлний хэрэглээ, ойлголт өргөжиж байгааг сайшаав. Үүнд Британи компаниудтай өрнүүлж буй түншлэлд суурилан англи хэлний сургалтад хамрагдах бололцоог нэмэгдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, алслагдсан болон харилцан адилгүй хэрэгцээ бүхий нийгмийн бүлгүүдэд чиглэсэн Британийн Хилийн чанад дахь хөгжлийн тусламжийн шугамаарх дэмжлэг багтана. 


Сайд нар монгол залуусын Чевенинг тэтгэлгээр суралцах, дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх болон их сургуулиудын түншлэлийг өргөжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов. Талууд хоёр улсын соёлын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг сайшааж, “Монголын ертөнцийн урлаг” үзэсгэлэнг Эзэн хааны урлагийн академид 2027 онд толилуулахаар болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Талууд иргэний нийгмийн байгууллагуудын ардчилсан нийгэмд оруулж буй хувь нэмрийг дурдаж, ардчилсан мэтгэлцээнийг бэхжүүлэх хүрээнд өргөн хүрээг хамарсан иргэний нийгмийн байгууллагуудын саналыг сонсож, үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.  


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Энэтхэг-Номхон далайн асуудал эрхэлсэн Төрийн сайд Кэтрин Уэст нар цаашид Монгол, Британийн хооронд дээд түвшний айлчлал хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлов. Дугуй ширээний уулзалтын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Британийн Үйлчилгээ, жижиг бизнес, экспортын сайд Гарет Томастай хоёр талын уулзалт хийв. Уулзалтаар хоёр улсын харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ажил хэрэгч, үр дүнтэй яриа өрнүүлэв.  

 

Холбоотой мэдээ