Монгол, Британийн бизнес уулзалтад хоёр улсын 70 гаруй төлөөлөл оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-27 11:15:00

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол-Британийн дугуй ширээний XV уулзалтын хүрээнд “Британийн туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжууд” сэдэвт бизнес уулзалт боллоо.


Бизнес уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтууд, түүнд тусгасан хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах төрийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төсөл болон Бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар танилцуулав. Мөн "Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчин", "Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын үзүүлэх дэмжлэг, боломж" зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын бизнесийн орчныг сайжруулах боломжуудын талаар санал солилцлоо. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл, “Улаанбаатар метро” төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл танилцуулав.


Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам, Британийн British Expertise Internationalбайгууллага, Лондон дахь Монгол-Британийн Худалдааны танхим хамтран зохион байгуулсан уг уулзалтад 70 гаруй аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.


Холбоотой мэдээ