Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгыг хүндэтгэн залав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-01 09:54:16

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. XVII жарны “Элдэв Эрдэнэт” хэмээх могой жилийн  хаврын тэргүүн сарын шинийн хоёрны билэгт энэ өдөр Мянганы суут хүмүүн, Их эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгыг хүндэтгэн залах ёслол боллоо.

 

Ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ болон Засгийн газрын гишүүд болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд оролцов.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, Монголбанк хамтран Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Их хааны өргөөнд Их эзэн Чингис хааны алтан хөшөөг ийнхүү бүтээ
сэн аж.


Их эзэн Чингис хааны алтан хөшөөг залах хүндэтгэлийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Их эзэн Чингис хааны алтан биеийг шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгын хамт Их хааны өргөөнд ийнхүү хүндэтгэн залах ёслол төгөлдөр, түүхэн үйл явдал тохиож байгааг тэрбээр тэмдэглээд
, “Их эзэн Чингис хаан Монголын түүхэнд төдийгүй дэлхий, ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг босгоход онцгой гавьяа байгуулсан. Монголчууд бид хүн төрөлхтний суут хүмүүн, Их хааны удам, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан цагаан сараар, хаврын тэргүүн билэгт сайн өдөр Их хаандаа сүслэн мөргөж, хүндэтгэл үзүүлдэг байх учиртай.

 

Өлзий билэгт өнөөдрийн сайн өдөр монголчууд бид Хүннү гүрнээс XX зууны эхэн үе хүртэлх монгол түмний төрт ёс, түүх соёлын бүрэн түүхийг багтаасан их өргөөний хойморт Их эзэн Чингис хааны орд өргөөг билэгдсэн Их хааны өргөөг байгуулан, бахархан хүндлэх алтан хөшөөг, их амгаланг билэгдсэн шүтээн их цагаан туг, төрийн хасбуу тамгын хамт бүтээн залж байна” хэмээлээ.

 

Их хааны өргөөг бүтээх үйл хэргийг амжилттай зохион байгуулсан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголбанк, Чингис хаан Үндэсний музейн хамт олон, нийт уран бүтээлчид, Бүгд Найрамдах Итали Улсын ард түмэн, тус улсын “АртУ Ди Гаетано Салмиста” хүрлийн үйлдвэрийн хамт олон, энэхүү агуу үйл хэргийг бүтээсэн, дэмжин оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлж, амжилт бүтээлийн дээдийг ерөөлөө. 










Холбоотой мэдээ