Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хирошима мужид ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-01 17:08:50

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяагийн урилгаар хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 5-ны өдрүүдэд Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр тус улсын Хирошима мужид ажиллаж байна.

 

Сайд Б.Батцэцэг энэ үеэр Хирошима мужийн захирагч Х.Юзакитай албан ёсны уулзалт хийж, соёл, уламжлалын баялаг өв бүхий, энх тайвны бэлгэ тэмдэг, байгалийн үзэсгэлэнт Хирошима мужид ажиллахдаа талархалтай буйгаа илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг тодорхойлон ажиллаж буйг тэмдэглэж, Япон Улсын түүх, соёл, эдийн засгийн чухал бүсийн нэг Хирошима мужтай аялал жуулчлал, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө буй гэв. Талууд орон нутаг хоорондын шууд хамтын ажиллагааг тэлэх, хувийн хэвшлийн харилцан үр өгөөжтэй түншлэлийг бэхжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэж, ийнхүү хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтов.

 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн өдөр Хирошимагийн их сургуульд зочилж, захирал М.Очи, Эрүүл мэнд, био анагаахын тэнхимийн туслах профессор Ч.Одгэрэл болон тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар Хирошимагийн их сургууль нь Улаанбаатар хотноо “Монгол судлалын төв” байгуулж, манай их, дээд сургуулиудтай багш, эрдэмтэн судлаачдын солилцоог өргөжүүлэх зэргээр идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав.  Түүнчлэн монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангах зорилгоор манай улс “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буйг тэмдэглэж, уг хөтөлбөрийн хүрээнд тус их сургуульд монгол оюутнуудыг, нэн ялангуяа орон нутгийн оюутнуудыг суралцуулах боломжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын чадварлаг хүний нөөцийг бэлтгэх асуудлаар санал солилцов.

 

Сайд Б.Батцэцэг монгол оюутнуудтай Монгол, Японы найрамдалт харилцаанд гүүр болж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг захиас болгож, элгэмсэг дотно яриа өрнүүлэв. Тэрбээр мөн Хирошимагийн их сургуулийн Устөрөгчийн эрчим хүчний судалгааны төвөөс хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүч, түүний дотор устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэх үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх чиглэлээрх судалгааны явцтай танилцаж, цаашид ийнхүү технологийг Монголд нутагшуулах боломжийн талаар ярилцав. 



Холбоотой мэдээ