БАЯН-ӨЛГИЙ: А.Бахытбекийн гэр бүл “Улсын хошой аварга малчин” шагналаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-03 21:21:30

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Хаг буюу 4 дүгээр багийн малчин Ахбигийн Бахытбекийн гэр бүл “Улсын хошой аварга малчин” өрхөөр шалгарч, шагналаа гардан авлаа.


XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн босгон дээр эх орныхоо үзэсгэлэнт нутагт мал сүргээ өсгөн үржүүлж, малч ухаан, туршлага, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлан ажилласныг нь үнэлж, Ахбигийн Бахытбекийг “Улсын хошой аварга малчин” хэмээх нэр хүндтэй шагналаар шагнасан. Шагналыг УИХ-ын гишүүн Б.Бейсен, Т.Аубакир, Х.Жангабыл, С.Зулпхар нар болон аймаг, сумын удирдлагууд гэрт нь очиж хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, баяр хүргэлээ.

 

Мал аж ахуйн салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, орон нутагт ажлын байр бий болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчдын амжилтыг үнэлэн, 2025 онд “Улсын аварга малчин” цолыг 151 малчин өрх, “Улсын хошой аварга малчин” цолыг 14 гэр бүлд олгож байгаагийн нэг нь А.Бахытбекийн гэр бүл юм.

 

2016 онд “Улсын аварга малчин” өрхөөр шалгарч байсан түүний хувьд мал сүргээ үргэлжлүүлэн өсгөж, чанаржуулсаар 2024 онд 1800 толгой мал тоолуулж, хошой аварга малчин болжээ.

 

Хошой аварга малчин А.Бахытбекийн сэтгэгдлийг асуухад “Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй малчиддаа болон нийт ард түмэндээ сар шинийн баярын мэнд хүргэе. Улсын хошой аварга малчин болсондоо туйлын баяртай байна. Энэ амжилтад минь хувь нэмэр оруулсан аймаг, сумын удирдлагууд болон нутгийн иргэддээ талархал илэрхийлье.

1994 оноос мал аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд малынхаа тоог 2000 хүртэл өсгөж, цаашид тооноос илүү чанарыг эрхэмлэх нь зүйтэй гэж үзсэн. Одоогоор манайх 1800 толгой малтай, үүнд 150 адуу, 150 үхэр, 1000 хонь, 500 ямаа багтаж байна. Малынхаа чанарыг сайжруулах зорилгоор ямаагаа ангор үүлдэртэй, хонио аргалийн эрлийз, керей үүлдрийн хоньтой, үхрээ БНХАУ-ын Шинжааны бүсийн Алатау үүлдрийн үхэртэй, адуугаа ОХУ болон Араб үүлдрийн адуутай эрлийзжүүлж байгаа. Манай эрлийзжүүлсэн ямаа нэг бүрээс 0.8-1 кг ноолуур гардаг бол том үхэр 200-300 кг хүртэл мах өгдөг. Бэлчээрийн доройтол, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор цаашид ч малынхаа тоог цөөлж, чанарыг сайжруулах бодлого барьж, мөн дэргэдээ 4 гэр бүлийн 12 хүнийг цалинжуулан ажиллуулж байгаа” гэж тэрбээр ярилаа.


Холбоотой мэдээ