Сар шинийн барилдаанд дараалан түрүүлсэн улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос тодорхой тооны барилдаануудыг нэрлэн, чансаа оноо олгож эхэлсэн билээ.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө болсон сар шинийн барилдаанд түрүүлсэн улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж эхэллээ. Түүний хувьд сар шинийн өмнө долоодугаарт эрэмбэтэй байсан. Тэрбээр бөхийн өргөөний намрын нээлтээс хойш чансаа олгох 15 барилдаан болсноос зургааг нь өнжиж, есөд нь барилдсан аж.
Тэгвэл сар шинээр найм даван түрүүлснээр чансааг тэргүүнд эрэмбэлэгдсэн бол улсын заан М.Лхагвагэрэл хоёрт, начин Д.Амарсайхан нар удаалж байна. Тэд сар шинийн өмнө барилдааны өмнө найм, аравдугаарт жагсаж байлаа. Харин улсын начин Ч.Батчулуун, Э.Батмагнай, арслан Ц.Бямба-Отгон, начин Л.Энхсаруул, заан С.Сүхбат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Н.Өсөхбаяр нар топ аравт жагсаж байна. Өмнөх чансаатай харьцуулбал улсын харцага Э.Даш топ аравын жагсаалтаас хасагдаж, Л.Энхсаруул начин шинээр орж ирэв.
Дараагийн чансааны оноо олгох барилдаан энэ сарын 16-нд болох юм. Монголын үндэсний бөхийн холбооны гаргасан төлөвлөгөөгөөр энэ сард чансааны оноо олгох хоёр барилдаантай аж.