Х.Эрдэнэ-Очир: Уран бүтээлдээ монгол адууны сүр хүч, хийморьлог байдлыг илэрхийлэхийг зорьсон

ӨВ СОЁЛ
erdenebulgan@montsame.mn
2025-03-09 15:12:03

Тэгү, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Зураач Х.Эрдэнэ-Очир хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ Тэгү хотод нээлээ


Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Хасааноовын Эрдэнэ-Очир абстракт чиглэлийн монголын нүүдэлчин ахуй, соёлыг харуулсан “Нүүдэлчин” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ БНСУ-ын Тэгү хотын "Omoke" арт галерейд энэ оны гуравдугаар сарын 8-нд олны хүртээл болголоо.


Түүний уран бүтээлийн гол сэдэв нь тал нутгийн адуун сүрэг. Бүтээлдээ монголын нүүдлийн аж амьдралыг тааваараа идээшлэх адуун сүргийн цог золбоо, ямар нэгэн хэв маягт баригдахгүй эрх чөлөө, хязгааргүй амьдралаар дүрсэлж бүтээлээ туурвижээ.


Х.Эрдэнэ-Очир хуучнаар Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1989-1992 онд уран зургийн чиглэлээр суралцаж төгссөн юм. 2017 онд Тэгү хотод болсон Монгол, Солонгосын зураачдын хамтарсан үзэсгэлэнд оролцсоноос хойш Солонгост хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байна. Үзэсгэлэн гуравдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.


Түүнээс үзэсгэлэнгийн тухай тодрууллаа.


Х.Эрдэнэ-Очир: Уран бүтээлдээ монгол адууны хурд хүч, хийморьлог байдлыг илэрхийлэхийг зорьсон




-Та жилийн өмнө Тэгү хотод бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь юунд байна?

-Тийм ээ, өмнөх үзэсгэлэнгээ Тэгү хотын “Мона” арт галерейд гаргаж байсан. Энэ удаа тус хотын нэр нөлөө бүхий хувийн томоохон галерейд гаргаж байгаагаараа онцлог болж байна. Мөн бүтээлийн хэмжээгээ томруулсан.


-Та бүтээлээ монголын нүүдэлчин ахуйн хэв маягийг адуун сүргийн давхил, үйл хөдлөлөөр илэрхийлдэг. Энэ тухай илүү тодруулах уу?   

-Тийм ээ. Би хөдөө өссөн хүн л дээ. Тиймээс  монгол адууны хурд хүч, хийморьлог байдлыг абстракт урлагийн чиглэлээр харуулахыг зорьсон. Нөгөө талаар гадаадад эх орноо сурталчлахад жаахан ч гэсэн нэмэр болох болов уу гэж бодож байна. Абстракт төрөл бол аливаа зүйлийг бодитоор харуулахаас илүү тухайн зүйлийг хийсвэрлэн сэтгэж өнгө, зохиомжоор хослуулан илэрхийлэх өвөрмөц урлаг юм.


Тэрбээр үзэсгэлэнгээ адуун сүрэг хийгээд адууны дүрс бүхий өнгөний зохиомжуудаар  баяжуулжээ. 

Түүний уран бүтээлийн үзэсгэлэнд Тэгү хотын Урчуудын эвлэлийн хорооны дарга асан Ким Ир Хуан, “Мона” арт галерейн дарга Квон Дэ Ги, зураач Ким Жин Хёг, зураач Ким Кёл Сү зэрэг олон уран бүтээлчид хүрэлцэн иржээ.



Мөн энэ үеэр сэтгүүлч, гэрэл зураг сонирхогч Х.Эрдэнэбулганы говь нутгийн онцлогийг харуулсан цөөн тооны фото зургийг дэлгэн үзүүлжээ.


Зураач Ким Кёл Сү: Түүний бүтээлээс даацтай, шинэлэг содон өнгө төрхийг олж харсан

 



Бид олон жилийн өмнөөс уран бүтээлээр холбогдож нөхөрлөж ирсэн, сайн найзууд. Монгол зураач Солонгост үзэсгэлэн гаргахад багагүй хүндрэл бэрхшээл гардаг. Энэ бэрхшээлийг бид хамтдаа шийдсэнд баяртай байна. Тэр энэ удаагийн уран бүтээлдээ шинэ содон өнгө аясыг тусгаж, даацтай олон бүтээл туурвисныг олж харлаа. 


“Мона” арт галерейн захирал Квон Дэ Ги: Зураач Х.Эрдэнэ-Очирын бүтээлүүд өмнөхөөсөө сайжирсныг хараад баяртай байна




Зураач Х.Эрдэнэ-Очир нэг жилийн өмнө манай “Мона” арт галерейд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Түүний энэ удаагийн бүтээлүүд нь өнгөний зохицол, зохиомжийн хувьд илүү сайжирч, өсөж дэвжсэн байгааг харахад таатай байна.













Холбоотой мэдээ