ДОРНОД: Таван суманд хээрийн түймэртэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-03-09 21:49:33

Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн таван суманд хээрийн түймэртэй байна. Тодруулбал, Булган, Баянтүмэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Сэргэлэн сумын нутагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна гэж зүүн бүсийн төв ОБГ-аас мэдээлэв.


Цагаан-Овоо сумын нутаг Галын голын гүүрний урд талд хээрийн түймэр гарч Сэргэлэн сумын 3-р багийн нутаг Урт амны урд талаар орж ирснийг тус сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, төрийн албан хаагчдаас бүрдсэн 4 бүлэг унтраахаар ажиллаж байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Хөлөнбуйр сумын зах руу хээрийн түймэр орж иржээ.

Мөн аймгийн төвийн урд Буянгийн хонхорт шинэ хогийн цэгээс гал алдсаныг ОБГ, Баянтүмэн сумын Онцгой байдлын бүлгүүд унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Матад сумын чиглэлд түймэр ойртож байна гэсэн мэдээллийг ОБГ-аас анхаарууллаа.


Ард иргэдийг хуурайшилт өндөртэй энэ үед галын аюулаас урьдчилан сэргийлж сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна. 

Холбоотой мэдээ