“FOODEX JAPAN 2025” үзэсгэлэнд манай улсын 6 аж ахуйн нэгж оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Азидаа хамгийн томд тооцогдох 50 дахь удаагийн Олон улсын хүнс, хүнсний үйлдвэрлэл, шингэн хүнсний үзэсгэлэн “FOODEX JAPAN 2025” Токио хотын “Big Sight” үзэсгэлэнгийн төвд өнөөдөр нээлтээ хийв.
Энэ сарын 11-14-нд болох уг үзэсгэлэнд манай улсаас 6 аж ахуйн нэгж байгалийн самар, чацаргана, шимийн архи, луувангийн ундаа, адууны мах, бяслаг зэрэг үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулахаар оролцож байна.
Монгол Улсын аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцох нь
манай хүнсний салбарын экспортын боломжийг өргөжүүлж, олон улсын төвшинд
өрсөлдөхүйц чанарыг бий болгох зэрэг давуу талтай. Өнгөрсөн жил манай улсаас
тус үзэсгэлэнд 5 аж ахуйн нэгж оролцсон юм.
FOODEX JAPAN үзэсгэлэн нь өнгөрсөн 50 жилд нийт 80 мянга гаруй оролцогч, 4,0 сая гаруй худалдан авагчдад хүрч үйлчлэн, тэдний бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь түлхэц үзүүлсэн байна.