ХӨВСГӨЛ: Эрхүү хотын Байгалийн улсын их сургуультай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-03-11 12:38:39

Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн ХБНГУ-ын Барут хот, БНХАУ-ын Дань дун хот, ОХУ-ын Эрхүү хот, БНСУ-ын Тэжон хоттой хамтын ажиллагаагаа эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж ОХУ-ын Эрхүү хотод ажлын айлчлал хийж Байгалийн улсын их сургуулийн үйл ажиллагаатай танилцан, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Владимир Синиченко, Орос хэл, соёл хоорондын харилцааны тэнхимийн эрхлэгч, дэд профессор Анна Литовкина нар хүлээн авч уулзав.


Уулзалтаар тус сургуулийн боловсролын хөтөлбөртэй танилцаж, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх зуны сургалтыг хамтран зохион байгуулахаар боллоо.


Байгалийн улсын их сургууль нь 1930 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа ОХУ-ын топ сургуулиудын нэг юм.


Тус сургууль хууль зүй, эдийн засаг, удирдлагын чиглэлээр сургадаг, төгсөгчид Оросын болон олон улсын хөдөлмөрийн зах зээлд маш эрэлттэй байдаг. Одоогоор 16 000 оюутан суралцаж байна.

 

Холбоотой мэдээ