Бизнес эрхлэгчид Прагийн Хөрөнгийн биржид зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-11 13:54:10

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од тэргүүтэй бизнесийн баг БНЧУ-ын Прагийн Хөрөнгийн биржид зочиллоо.


Прагийн Хөрөнгийн бирж 1871 онд байгуулагдсан 154 жилийн түүхтэй. Дэлхийн I, II дайн хүртэл ажиллаж байгаад дайны үеэр завсарлан, 1991 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоо Европын томоохон биржүүдийн нэг бөгөөд 90 гаруй хувийг нь Австрийн Венагийн Хөрөнгийн бирж эзэмшдэг.


Арилжааны хувьд тогтвортой ажиллан, сүүлийн үед арилжааны нэр төрлөө олшруулж, шинэчилжээ. Хөрөнгө оруулалтын сангийн арилжаа нь нэлээд идэвхжиж байгаа. Жижиг, дунд компаниудад зориулсан Star market үйлчилгээг 2018 онд хөгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн талаар Прагийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Петр Коблик танилцууллаа.


Прагийн биржийн хөрөнгийн захад гаргасан Бондын хэмжээ сүүлийн жилүүдэд байнга нэмэгдэж байгаа. Европт хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаагаар тавдугаар байрт жагсдаг. Хувьцаа эзэмшигчдийн тоо байнга нэмэгдэж байгаа нь хүмүүс хөрөнгийн захыг сонирхсоор байгааг харуулж байгааг Петр Коблик онцоллоо. Чехчүүд хөрөнгийн биржид IPO гаргах замаар хөрөнгө босгож байна.


Прагийн хөрөнгийн биржийн 90 гаруй хувийг эзэмшдэг Венагийн Хөрөнгийн бирж бондын хөрөнгө оруулалт татдаг бөгөөд 40 орчим улсаас нэг их наядын еврогийн хөрөнгө босгожээ. Манай улсын Улаанбаатар хот, ХХБ, Хөгжлийн банкууд Венагийн биржээс бонд босгосон байна.


“Чех улсад хөрөнгийн бирж эрчимтэй хөгжиж, эрчим хүчний зах зээл рүү идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Компаниуд төрийн өмчит байх нь хамгийн муу хувилбар, харин олон нийтэд нээлттэй, хувьцаа эзэмшигчидтэй байх нь сайн хувилбар” гэж Прагийн биржийн гүйцэтгэх захирал ярьсныг МҮХАҮТ мэдээллээ.


Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул Монголын Хөрөнгийн биржийн талаар товч танилцуулсан бол Ерөнхийлөгч Л.Төр-Од Прагийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг 2025 оны долоодугаар сард болох Монголын эдийн засгийн форумд урьж, Үндэсний баяр наадам үзэж сонирхож, Монголд аялахыг урьжээ.

 

Холбоотой мэдээ