Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-03-11 17:27:48

 Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хооронд Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний 3 дахь шатны уулзалт өнөөдөр боллоо.


Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа гадаад улсад оршин суугаа иргэдийн нийгмийн хамгааллын эрхийг хангах бодлогын хүрээнд Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах санал дэвшүүлсэн. Өнгөрсөн онд Улаанбаатар, Вена хотод хоёр удаагийн хэлэлцээг зохион байгуулж, төсөл боловсруулсан бол энэ удаа талууд хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын төслийг эцэслэн тохиролцохоор төлөвлөж байна.


Хэлэлцээр амжилттай болсноор хоёр улсын иргэд нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэй хамрагдах боломжтой. Мөн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулж, тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэнээр нийгмийн баталгаагаа хангуулах юм.

Холбоотой мэдээ