Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-12 17:19:39

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо” хэмээн мэдээлэв.


Тэрбээр цааш хэлэхдээ "Энэхүү шийдвэр нь шууд болон дам байдлаар манай улсын эдийн засагт эерэг үр дүн авчирна. УИХ-аас тус хэлэлцээрийг соёрхон баталсны дараагаар компани хоорондын гэрээ байгуулна. Гэрээний хүрээнд 5 сая тонн нүүрс борлуулах боломж бүрдэнэ.


Үүний зэрэгцээ хил холболтын төмөр замын асуудал нь зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомт биш, Ханги-Мандал, Шивээхүрээ-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, цаашлаад гурван улсын хооронд барих баруун зүүн коридор гээд үр дүнтэй олон асуудлыг араасаа дагуулна.


Түүнчлэн урд хөрштэйгөө зогсонги байдалд ороод байсан дараа дараагийн томоохон төслүүдийг хөдөлгөх боломжийг олгосон шийдвэр боллоо. УИХ-ын хаврын чуулган удахгүй нээлтээ хийнэ. Тус чуулганы эхний асуудал бол дээрх хэлэлцээр байх болно" гэв.

 


Холбоотой мэдээ