“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Чехэд 29 оюутан суралцаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Прага, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Чех Улсын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудтай уулзлаа.
29 оюутны найм нь Прага хотын Техникийн их сургуульд барилгын инженер, компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа бол 21 нь Карлын их сургуулийн Подебрад хотын Хэл, мэргэжлийн сургалтын төвд чех хэлний бэлтгэлд хамрагдаж байна.
Эдгээр оюутан ирэх намраас их, дээд сургуулиудад цөмийн инженер, компьютерын шинжлэх ухаан, хүнсний чанар-аюулгүй байдал, статистик зэрэг сонгосон мэргэжлээрээ суралцах юм.
Өнөөдрийн уулзалтад мөн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан ХБНГУ-д жил гаруй суралцаж байгаа дөрвөн оюутан ирсэн байлаа. Тэд бүх хичээлдээ онц сурч байгаа сургуулийн удирдлага нь уламжиллаа.
Ард түмнийхээ итгэл, найдварыг дааж, хичээл номдоо шамдан, улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхийлөгч хүслээ. Мөн оюутан залуусыг эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.
Төрийн айлчлалын үер хоёр улсын салбарын яам хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу ”Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудын Чехийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах боломжийг нэмэхээр болсон юм.
Мөн оюутан, багш, судлаачдыг богино хугацааны сургалтад харилцан хамруулах, хоёр улсын хэл, соёлоос суралцах, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр хэл зүй, уран зохиолын зуны сургалт зохионо.
2023-2024 оны хичээлийн жилд Чехийн их, дээд сургуулиудад манай улсын 120 гаруй оюутан суралцсан байна.
МУИС 1992 оноос чех судлаач, олон улсын харилцааны мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. 2006-2007 онд Чехийн хөгжлийн агентлагийн төслөөр Чех судлалын төвийг шинэчлэн байгуулж, ном, сурах бичиг, гарын авлагаар ханган, хичээлийн материаллаг баазыг нь сайжруулж, мэргэжилтэн багш ажиллуулах болсон юм.
2023 оноос Слав судлалын тэнхимд чех хэлний багш ажиллаж байна.
1955 оноос хойш Чехословак Улсад 20 мянга гаруй монгол иргэн суралцсан бөгөөд 300 гаруй нь дээд боловсрол эзэмшиж, 30 орчим нь эрдмийн зэрэг хамгаалсан байна.
Тус улс 1989 оныг хүртэл жил бүр 40 оюутан, техникумын суралцагч, мэргэжил дээшлүүлэгч, аспирант хүлээн авч, сургаж байсан юм.