ЖДҮ-ийн экспортыг нэмэгдүүлэхэд БНХАУ-тай хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон бусад албаны төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.
Талууд хоёр улсын шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцлоо.
Ц.Баатархүү сайд БНХАУ нь шинжлэх ухаан,
мэдээллийн технологийн чиглэлд санаачилгатай, хиймэл оюуны салбарт хамгийн
бага зардлаар илүү их бүтээмжийг бий болгож байгаагийн зэрэгцээ дэлхийн тавцад
шинэ санаа, патентыг хамгийн олноор нь эзэмшиж, хүчирхэг улс болж байгааг онцлов.
Үүний зэрэгцээ, цахим худалдааны талбарт
Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Alibaba-гаар
дамжуулан экспортлох ажлыг эрчимжүүлж, энэ гуравдугаар сард багтаан хоёр талын
цахим уулзалтыг зохион байгуулах юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар
Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд Төв аймгийн Зуунмод хотыг шинэчилж,
“Хүннү” хот болгон, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн парк байгуулахаар
төлөвлөж байгааг ЦХИХХЯ мэдээлэв.