Монголын технологийг Узбекистан руу экспортолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-14 10:02:30

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголд үүлэн технологиор дагнан үйл ажиллагаа явуулдаг Fibo Cloud компани нь Узбекистан Улсын харилцаа холбооны тэргүүлэх оператор болох Uztelecom JSC компанитай үүлэн технологийг нутагшуулах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.​


Энэ нь дата төвийн чиглэлээр Төв Азид хийж буй хоёр дахь экспорт бөгөөд Фибо Клауд компанийн хоёр жилийн өмнө Казахстаны дата төвийн томоохон төлөөлөл болох Транстелекомтой хэрэгжүүлэн нэвтрүүлсэн (cloud.ttc.kz) төслийн дараагийн алхам юм.​


Узбекистан нь одоогоор Tier-3 түвшний хоёр дата төвийг өргөтгөн, ирэх жилүүдэд тав болгох, цаашлаад бүс нутгийн дижитал маркетплэйс нэвтрүүлэх боломжийг хангах тухай хоёр компанийн төлөөллийн уулзалтаар ярилцсан юм. Энэ үүднээс Монголын технологийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Узбекистан Улсын бизнес эрхлэгчдэд PaaS (Platform-as-a-Service) хэлбэрээр хүргэх, төлбөр тооцоог компани байгуулалгүй хялбар хийх давуу талтайг ЦХИХХЯ мэдээлжээ.



Хамтын ажиллагаа нь 2023 оны 6 дугаар сард эхэлж, 2 жилийн турш мэдээллийн аюулгүй, найдвартай байдал, нутагшуулах ажлыг хийжээ. Тухайлбал дотоодын хэрэглэгч таних систем, татварын системтэй холбох зэрэг олон шаардлагыг дүнд эцсийн хэрэглэгчдэд cloud.uztelecom.uz домэйнээр дамжуулан хүрдэг байна. Узбекистаны үүлэн тооцооллын зах зээл хурдацтай өсөж байгаа тул энэ онд 202 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. 2025-2029 онд жилд дунджаар 28.43 хувийн өсөлттэй байж, 2029 он гэхэд зах зээлийн хэмжээ 550.10 сая ам.долларт хүрэх төлөвтэй аж.​


Узбекистаны 17 мянга гаруй ажилчинтай, 10 сая гаруй хэрэглэгчтэй тус компани улс даяарх өндөр хурдны кабелийн 92 хувийг эзэмшиж, өнгөрсөн оны гуравдугаар улиралд 510 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар нэмэгдсэн байна. Узбекистаны бүх бүсийн төвд 5G сүлжээг 100 хувь нэвтрүүлжээ. 

Холбоотой мэдээ