Монголд ХАБЭА-н 156 стандартыг мөрдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шинжлэх ухаан, техникийн түвшинд улсын үзлэг хийсэн дүн болон стандартчилал, техникийн зохицуулалтын шинэчлэлийн төлөвлөгөөний талаар танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
ХАБЭА-н тухай хуулийн 5.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэнэ хэмээн заасан байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангахад стандарт мөрдүүлэх нь чухал бөгөөд ХАБЭА-н стандартад 2013, 2018 онд улсын үзлэг хийсэн.
Тэгвэл гурав дахь үзлэгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн А/25 дугаар тушаалаар баталсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 17-21-нд зохион байгуулж, шинэчлэн сайжруулах төлөвлөгөө боловсруулсан байна. ХАБЭА-н стандартын улсын үзлэг зохион байгуулж, нэн түрүүнд боловсруулах шаардлагатай стандарт, техникийн зохицуулалтын жагсаалтыг шинэчлэхийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл”-ийг хэрэгжүүлэх 2025-2028 оны төлөвлөгөөнд тусгажээ.
ХАБЭА-н стандартыг олон улс, бүс нутаг болон бусад орны стандарттай харьцуулж, шинжлэх ухаан, технологийн дэвшил болон салбарын хөгжлийн бодлогын зорилттай уялдуулан цаашид үргэлжлүүлэн мөрдөх эсэх, шинэчлэх, шинээр боловсруулах, хууль, стандартын уялдаа холбоог хангаж ажиллах талаар ярилцсан аж.
Улсын үзлэгийн дүнд өнөөдрийн байдлаар ХАБЭА-н 156 стандарт хүчин төгөлдөр мөрдөж байгаагаас 54 нь ХАБ-ын, 97 нь ХЭА-н, тав нь мэргэжлээс шалтгаалсан өвчний стандарт байна. Эдгээрээс нийтэд нь дахин хянах 47, холбогдох заалтуудыг дахин хянах 6, хүчингүй болгох 57, цаашид хэвээр мөрдөх 46 стандарт байгааг улсын үзлэгээр тогтоожээ. ХАБЭА-н стандартын цаашдын хүрэх түвшнийг эрх зүйн байдлын хувьд сонгон хэрэглэх 77, техникийн зохицуулалт болгох 22, шинжлэх ухаан, техникийн түвшний хувьд олон улсын 43, үндэсний 39, бүс нутгийн 17 стандарт болгон өөрчлөхөөр байна.