БАЯН-ӨЛГИЙ: “Турин - 2025” тусгай олимпын өвлийн наадмаас Өнербекийн Елмирза хос медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-03-15 10:30:20

Өлгий, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг тусгай олимпын наадам Итали Улсын Турин хотноо болж байгаа бөгөөд манай улсын баг 24 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр уулын цана, гүйлтийн цана, снөубоурд, цасны гуталтай гүйлт, бүжиг, бөмбөгтэй заалны хоккейн төрөлд өрсөлдөж байгаа юм.


Тус наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагчид, 500 хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон 1300 гаруй хүндэт зочид урилгаар оролцож байна.

 

Баян-Өлгий аймгаас тус наадмын хамгийн олон тамирчин оролцдог түгээмэл спортын нэг болох цасны гуталтай гүйлтийн төрөлд оролцож байгаа МТОХ-ны тамирчин, Сагсай сумын харьяат, Өлгий хотын 2 дугаар ЕБС-ийн 8-р ангийн сурагч Өнербекийн Елмирза өчигдөр 200 метрийн зайд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн бол, өнөөдөр 100 метрийн зайд дахин өрсөлдөж амжилтаа ахиулан мөнгөн медаль хүртсэнээр энэ удаагийн тусгай олимпын өвлийн наадмын хос медальтан боллоо.


Холбоотой мэдээ