ДУНДГОВЬ: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-15 20:58:49
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд энэ сарын 15- 28-ны өдрийг дуустал Политехникийн коллеж, сургууль, цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг хязгаарлаж, хичээл, сургалтыг цахимд шилжүүллээ.


3 дугаар сарын 13-нд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт улаан бурхан өвчний сэжигтэй 2 тохиолдол бүртгэгдэж, шинжилгээгээр батлагдаад байна.


Улаан бурхан өвчний үед өндөр халуурах, толбон гүвдрүү тууралт гарах, ханиалгах, хамраас нус гоожих, нүдний салст үрэвсэх шинж тэмдэг илэрдэг.

Нууц үеийн хугацаа 10-12 өдөр үргэлжилдэг.


Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс тус өвчний эсрэг хариу арга хэмжээ авч, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ойрын хавьтлуудыг тусгаарлах, 9 сартай болон 2 настай хүүхдүүдийг дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгааг эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс тодотгов.


2024 оны жилийн эцсийн байдлаар тус аймгийн хэмжээнд улаан бурхан, улаануудын 1 дүгээр тунгийн дархлаажуултыг 496 хүүхэд хийлгээгүй, 2 дугаар тунгийн дархлаажуулалтыг 655 хүүхэд хийлгээгүй хоцорсон байна.


Тиймээс нөхөн дархлаажуулалт хийх зайлшгүй шаардлагатай ба иргэдийг хүүхдүүдээ товлолт дархлаажуулалтад цаг алдалгүй хамруулахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ