ГОВЬ-АЛТАЙ: ХӨСҮТ-ийн баг мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-03-17 13:06:07

Говь-Алтай, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн тандалт, лаборатори, дархлаажуулалт, эмнэлзүйн мэргэжлийн баг гуравдугаар сарын 16,17-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж байна.


Өмнөговь, Дундговь аймагт улаанбурханы батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор орон нутгийн хариу арга хэмжээний бэлэн байдалд үнэлгээ хийж дэмжлэг үзүүлэхээр ийнхүү ажиллаж байна. Ажлын баг аймгийн Эрүүл мэндийн газрын тохиолдлын удирдлагын тогтолцооны баг болон Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд үнэлгээ, дэмжлэгт хяналт хийж мэргэжил арга зүйгээр ханган ажиллах юм.


Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, хүүхдээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамрагдсан эсэхийг тодруулах, товлолын дагуу 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан нөхөж хамруулахыг ЭМГ-аас мэдээллээ.

Улаанбурханы үед илрэх шинж тэмдэг:

-Халуурах

-Нүдний салст улайх, үрэвсэх

-Хамраас нус гоожих

-Ханиалгах

-Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

-Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж, тодруулах зүйлсээ 88666708 99087762 86207711 тоот утсанд холбогдож авахыг сануулсан юм.

Холбоотой мэдээ