Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар чуулганаар ээлжит илтгэлээ хэлэлцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-17 12:07:16

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүний эрхийн хороо Женев хотноо энэ сарын 3-28-нд чуулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИБУТЭТОУП)-ын хэрэгжилтийн талаарх улс орнуудын тайлан-илтгэлийг хэлэлцэж байна. 

 

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Хорооны чуулганы энэ сарын 10-11-ний өдрийн хуралдаанаар ИБУТЭТОУП-ын хэрэгжилтийн тухай Монгол Улсын ээлжит 7 дугаар илтгэлийг хэлэлцүүлж, Пактаар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой сүүлийн жилүүдэд хууль, эрх зүйн орчинд хийсэн шинэчлэл, гарсан ахиц дэвшил, бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулан, Хорооны гишүүдийн сонирхсон асуултад хариуллаа. 

  

Хүний эрхийн хорооноос парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлд гарсан дэвшлийг сайшааж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө, хүрээлэн буй орчин, агаарын бохирдол, авлига, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хүч чармайлт зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөж хэлэлцэв. 

 

Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрын төлөөлөгчид ажиллав. 

 

НҮБ-ын Хүний эрхийн хороо манай улсын хэлэлцүүлгийн мөрөөр дүгнэлт, зөвлөмжөө энэ сарын 21-нд нийтэд танилцуулна гэж ГХЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ