Украинд энхийг сахиулагчдыг илгээхэд бэлэн гэдгээ 30 гаруй улс илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-18 10:18:15

ЛОНДОН, 2025 оны гуравдугаар сарын 18 /Sky News/. Украинд явуулах энхийг сахиулах ажиллагаанд 30 гаруй улс цэргийн алба хаагчдаа илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа тухай Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын төлөөлөгч мэдэгджээ.


"Оролцох боломжууд өөр өөр байх боловч бүхэлдээ цэргийн нэлээд их хүч байх болно. Нэлээд олон улс цэргээ илгээнэ, илүү олон улс орон өөр хэлбэрээр хувь нэмрээ оруулна" гэж тэрбээр онцолсон байна. 


Барууны 26 орны удирдагчид, Европын Холбооны хоёр өндөр албан тушаалтан, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар гуравдугаар сарын 15-нд цахим уулзалт хийжээ. Энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд орох саналыг Их Британи, Франц хэдийн зөвшөөрсөн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь ОХУ-тай 30 хоногийн хугацаанд гал зогсоох хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. 

 

НАТО-гийн цэргүүдийг Украинд байрлуулахыг Оросын тал эсэргүүцэж байна

Украинд НАТО-гийн цэргийг байрлуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ Оросын эрх баригчид мэдэгдээд байгаа юм. Гал зогсоосон тохиолдолд НАТО болон ЕХ-ны орнуудаас Украин руу энхийг сахиулах хүчнийг илгээх асуудлыг хэлэлцэхийг "оновчгүй бөгөөд утгагүй зүйл" гэж үзэж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко "Известия" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 


“Тэдгээр цэргүүд мөргөлдөөний бүсэд байрлах тул мөргөлдөөнд оролцогч тал болно гэсэн үг” гэж А.Грушко мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ