ХОВД: Хилийн боомтыг өргөтгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-18 12:36:32

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ховд аймаг ирэх жилүүдэд Булган суманд байрлах Булган боомтыг өргөтгөх, Байтаг боомтыг байнгын ажиллагаатай болгох төсөл хэрэгжүүлнэ.  

Энэ хүрээнд хилийн боомтын сэргэлтийн дэд хорооны ажлын багийг томилсон ба тус ажлын баг энэ сарын 17-нд хуралдав. Хурлаар боомтын сэргэлтийн дэд хорооны ажиллах журам болон 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан батлах талаар хэлэлцсэн гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ онд боомтын сэргэлтийн чиглэлээр 20 гаруй ажил хэрэгжүүлэхээр урьдчилан төлөвлөжээ. Хурлаар хорооны гишүүдийн  саналыг авч, цаашдын ажлын төлөвлөгөөнд тусган,  аймгийн ИТХ-ын ээлжит хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.

Мөн аймгийн нутаг дэвсгэрт хамаарах хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээ болон хилийн боомтыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хилийн боомт, стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийг хэрэгжүүлэх,  хил гаалийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргааны байгууллагатай уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах чиглэлээр ажиллах юм.

Булган боомт нь ачаа барааны эргэлт буюу экспорт, импортыг түлхүү нэвтрүүлдэг Ховд аймгийн иргэдийн амьжиргаанд чухал нөлөөтэй Олон улсын зэрэглэл бүхий томоохон боомтын нэг.


Сүүлийн жилүүдэд тус боомтын ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Иймээс цаашид бүс нутгийн Олон улсын транзит тээвэр, хил дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой гэж албаны төлөөллүүд тодорхойлжээ.

Боомтын өргөтгөлийн асуудлыг өнгөрсөн онд хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан юм. Уг ажил цаашид үе шаттай хэрэгжинэ.  

Холбоотой мэдээ