Монголын 7 аж ахуйн нэгж "Foodex Japan 2025" үзэсгэлэнд оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-18 15:28:25

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Япон Улсын Токио хотноо энэ сарын 11-14-ндболсон "Foodex japan 2025" олон улсын үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын 7 аж ахуйн нэгж оролцлоо.


Тавь дахь удаагаа болсон тус үзэсгэлэнд 70 гаруй улсын үйлдвэрлэгч 3000 гаруй брэнд бүтээгдэхүүнээ танилцуулжээ.  

Монгол Улсыг төлөөлөн үндэсний үйлдвэрлэгч “Хаан жимс” ХХК “Хуба хаяа”, “Норд Роуд” ХХК “Хушхан”, “Булган мах маркет” ХХК адууны махан бүтээгдэхүүн, ‘Цагаан асгат” ХХК “Шимийн охь”, “Такаражима Жапан” ХХК чацарганын бүтээгдэхүүн, “Витафит инвест” ХХК луувангийн шүүс, нухаш, “MACU бяслаг” зэрэг брэнд бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.



Оролцогчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай туршлага солилцож, бизнесийн шинэ түншээр гадаад харилцаа холбоогоо тэлдэг уламжлалтай. Тус үзэсгэлэн худалдаа өнгөрсөн 50 жилд 80 мянга гаруй оролцогч, 4 сая гаруй худалдан авагчдад хүрч үйлчлэн, оролцогчид бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь түлхэц үзүүлдэг аж.


Энэ жилийн үзэсгэлэнд Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, Японы зах зээл, цаашлаад гуравдагч орны хэрэглэгчдэд таниулахаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөл оролцсоныг салбарын яам мэдээлжээ.

Холбоотой мэдээ