БАЯНХОНГОР: Нэн шаардлагатай мэргэжилтнийг БНСУ-д бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-18 15:54:12

Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Кеонномын их сургууль, Баянхонгор аймгийн Боловсролын газар боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 


Үйл ажиллагаанд тус сургуулийн гадаад харилцааны тэнхимийн захирал, оюутан солилцоо хөтөлбөрийн дарга болон Баянхонгор аймгийн Боловсролын газрын дарга, сургалт арга зүйн хэлтэс, гадаад хэлний ахлах арга зүйч, Номгон сургуулийн захирал нар оролцов.


Мөн үеэр талууд солонгос хэл сурах хүсэл эрмэлзэлтэй суралцагчдыг дэмжин цахим хичээл сургалт явуулах, Баянхонгор аймгаас Солонгос Улсын их сургуульд элсэн суралцах оюутнуудыг холбох тал дээр хамтрахаар зөвлөлдлөө. Мөн мэргэжлийн болон техникийн боловсрол, СӨБ, ЕБС-ийн багш суралцагчийн сурах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, орчин бүрдүүлэх, тус улсад богино болон урт хугацааны судалгаа шинжилгээний ажил хийх, туршлага судлах, их сургуулийн тэтгэлгээр амьжиргааны түвшин доогуур өрхийн оюутныг сургах  зэрэг ажлыг санамж бичигт тусгажээ.


Энэ хүрээнд Номгон сургуульд Солонгос хэлний танхим нээж онлайн хичээлийг зааж эхэлсэн бөгөөд анхан шатны сургалтын 13 сурагч тус улсад их сургуультай танилцахаар товлоод буй. Их сургуулийн танилцуулах өдөрлөг дөрөвдүгээр сарын сүүлчээр Баянхонгор аймгийн сонирхогч хүүхэд залууст хийгдэхээр хоёр тал тохирч, аймгийн нэн хэрэгцээтэй мэргэжилтнийг сургах захиалга өгөхөөр тогтов.

Холбоотой мэдээ