Нийгмийн даатгалын ерөнхий газраас арилжааны банкуудад хүсэлт гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын байгууллага 1.16 сая албан журмын даатгуулагч, 171 мянган сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Тэгвэл хувиараа хөдөлмөр эрхэлж, сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэд “Сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэл албан журмаар даатгуулагчдын нэгэн адил банкнаас зээл авахад санхүү, орлогыг нотлох нотолгоо болж чадахгүй байгаа” тухай санал, гомдлыг нийгмийн даатгалын байгууллагад ихээр ирүүлж байгаа аж.
Тиймээс Нийгмийн
даатгалын ерөнхий газраас сайн дурын даатгалд хамрагдан, шимтгэл төлж байгааг
зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгох талаар эерэг шийдвэр гарган иргэдийг
дэмжин ажиллах хүсэлтийг Арилжааны бүх банканд хандан уламжилсан байна. Хэрэв банкууд уг хүсэлтийг дэмжвэл хувиараа нийгмийн даатгал төлөгчид банкнаас зээл
авах боломж бүрдэх юм.