Агаарын бохирдлыг бууруулахын тулд 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэх тогтоол баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-19 13:27:17

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн хэд хэдэн асуудлын нэг нь агаарын бохирдлыг бууруулах тогтоол юм. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар танилцуулж, мэдээлэл хийв. 


Тэрбээр мэдээлэхдээ, “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоолыг баталлаа. Нийслэлд 200 мянга гаруй айлд хатуу түлш хэрэглэдэг. Мөн 804 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Мөн цахилгаан станцууд зэрэг эх үүсвэр агаарыг бохирдуулж байгаа юм. Энэ утгаараа 2025-2026 онд өвөлжилтийг бэлтгэх 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэх тогтоолыг баталлаа. Ингэхийн тулд айл өрхүүд хатуу түлшнээсээ сайн дураараа татгалзсан тохиолдолд хийн зуухыг байрлуулах, дулааныг шийдэхээр болсон. Хийн түлшинд шилжвэл 2025 оны есдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ныг хүртэл 100 мянган төгрөгийн татаас олгоно. Бүх яам агаарын бохирдлыг бууруулах үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс гэр хорооллуудыг бүсчлэн яамдад хариуцуулж айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллуулахаар тогтоолд заасан. Мөн айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, стандартад нийцүүлэх ажилд төрийн цэргийн байгууллагуудыг оролцуулна. Бас төрийн өмчит компаниуд энэ ажилд дэмжлэг үзүүлнэ” хэмээв.


Монгол Улсын хийн түлшний жилийн хэрэглээ 46 мянган тонн байдаг аж. Тэгвэл 32-50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлснээр 100 мянган тонн болж өсөх тооцоолол гарсан байна. Тиймээс хийн түлш импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээний төсөл дээр боловсруулж байгааг Хотын дарга ярилаа. 


Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Мөн 2500 орчим айл өрх, аж ахуйн нэгж нь нам даралтын зуухаар халаалтаа шийдэж буй. Түүнчлэн дулааны цахилгаан станцууд, 804 мянган тээврийн хэрэгсэл зэрэг нь хотын агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйлс болж байна. Үүнээс хамгийн их буюу 50 гаруй хувийг нь гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч буй утаа эзэлж байгааг ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаа харуулдаг. Тиймээс Засгийн газраас дээрх тогтоолыг баталсан юм. 

Холбоотой мэдээ