Б.Жавхлан: Урд хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-19 13:32:02

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан “Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын нэмэлт орлого бүрдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны тайланг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд тайлагналаа” хэмээн мэдээлэв.


Тэрбээр цааш ярихдаа, ”Энэхүү ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Тухайн үед валютын улсын нөөц 4.5 тэрбум ам.доллар байсан ба уг нөөцийг 4 болон 5 дугаар сар гэхэд 5.4 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Валютын улсын нөөц дээд хэмжээндээ 5.4 тэрбум ам.долларт хүрч байсан. Үүнээс ч давуулах зорилт тавьж ажиллаж буй.


Өнөөдрийн байдлаар, хамгийн гол шийдвэрлэх асуудал бол Монгол Улсын урд хилүүдэд нийт 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсчихээд байгаа явдал юм. Цар тахлын үед 20 сая хүртэл тонны овоолго үүссэн байсан. Үүнтэй харьцуулбал харьцангуй гайгүй ч энэхүү гацааг хөдөлгөхөөс нааш бирж дээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явахгүй нь. Овоолго үүссэн гол шалтгаан нь өмнө байгуулсан гэрээнүүд юм.


Намраас хойш нүүрсний үнэ 30-40 хувиар унаад байна. Үнэ унаснаас болоод цаад талын компаниуд нүүрсийг татан авахгүй байна. Иймээс үнийн уян хатан бодлогыг бирж дээр тогтоох асуудлаар Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон бусад байгууллагууд хуралдаж, шинэчилсэн журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас баталлаа. Ингэхээр уг журмаар биржийн арилжааг явуулах боломж бүрдэж байна” гэлээ.


Тус ажлын хэсэг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд тайлангаа тавьж байх аж. 

Холбоотой мэдээ