Пиетранжело Буттафуоко: Евроазийн уран бүтээлчдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Венецийн дүрслэх урлагийн олон улсын Биенналийн ерөнхийлөгч Пиетранжело Буттафуоко зураач, уран бүтээлчидтэй уулзаж, лекц уншлаа.
Уулзалтаар тэрбээр Венецийн Биенналийн зорилго, орчин үеийн урлагийн хөгжил, Евроазийн уран бүтээлчдэд зориулсан шинэ хөтөлбөрийнхөө талаар танилцуулав.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын Биенналийн ерөнхийлөгч Пиетранжело Буттафуоко хэлсэн үгэндээ, "Манай байгууллага Евроазийн шинэ газарт өөрсдийн уран бүтээлийг түгээхээр зорьж, Энэтхэг, Хятад, Турк улсын залуу уран бүтээлчидтэй уулзаж, зөвлөгөө өгч, ярилцсан. Энэ удаа Монголын нийслэл Улаанбаатарын зүрхэн хэсэгт ирж, уран бүтээлчидтэй уулзаж байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинтой өчигдөр уулзаж, дүрслэх урлагийн чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо. Марко Пологийн аялсан газрын маршрутад тулгуурлан шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь хоёр улсын уран бүтээлчдэд маш чухал" гэдгийг тодотгов.
Төслийн зохицуулагч, куратор Луижиа Лонарделли ярихдаа, “Тэнгэрээс буусан салхи” төсөл яг нэр шигээ утгатай. Бид Евроазиас гарсан салхийг даган суралцах төдийгүй олон талын мэдлэгтэй болж, үүнийгээ нийтэд түгээнэ. Энэ төсөлдөө Марко Поло аялах үедээ юу үзэж харсан, ямар сэтгэгдэлтэй байсан талаар оруулна. Би монголын уран бүтээлчдийн бүтээлд сонирхолтой зүйл маш их байгааг олж харсан. Дүгнээд хэлэхэд барууны урлаг судлаачид үүнийг хэдийн анзаараад эхэлсэн байна. Миний төсөл одоохондоо судалгааны үе буюу анхан шатандаа байгаа. Ерөнхийлөгч маань илтгэлдээ Азийн шинэ газар нутгийн талаар ярьсан. Өөрсдийн он цагт тохируулж шинэ замыг нээх ёстой. Энд байх богинохон хугацаандаа үзсэн харснаа анхааралтай ажиглаж, бүгдийг нь нэгтгэн төсөлдөө оруулахаар төлөвлөж байна" хэмээв.
Венецийн дүрслэх урлагийн олон улсын Биенналийг 1895 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд улс орон бүр өөрсдийн уран бүтээлчдээр дамжуулан үндэсний соёл, урлагийн онцлог, үзэл бодлоо олон улсад танилцуулдаг.
Манай
улсын уран бүтээлчид 2015 онд анх бүтээлээ дэлгэсэн бол уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Гүнээс гүнд” үзэсгэлэнгээр 2022 онд, А.Очирболд
“Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” өрөг орон зайн бүтээлээрээ 2024 онд амжилттай
оролцсон юм.