Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах төслийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн хэлэлцүүлэг боллоо.
Монгол Улс хими, биологи, цацраг, цөмтэй холбоотой Олон улсын конвенцод нэгдэн үндэсний хууль, эрх зүйн орчныг бий болгон ажиллаж байгаа ч тухайн салбарт нэгдсэн бодлого төлөвлөлт дутмаг, техникийн болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.
Өмнөх оныхоос P101 төслийг Терроризмтэй тэмцэх зөвлөлийн ажлын албаар дамжуулан хими, биологи, цацраг, цөмийн эрсдэл бүхий онц чухал дэд бүтцийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Мөн Европын холбооны санхүүжилтээр хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах Тэргүүн санаачилгын төв, Олон улсын шинжлэх ухаан, технологийн төвтэй хамтран гурван төсөл хэрэгжүүлжээ. Тухайлбал, P53, Р65, Р87 төслүүдийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, бүсийн улс орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, танхим болон цахим, практик сургалт зохион байгуулж, 2000 гаруй албан хаагчийг хамруулсан аж.
Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлэг 24 байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.