2026-2028 оны дунд хугацааны төсөвт эрсдлээс хамгаалсан бодлого баримтлах шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2026-2028 оны дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамгийг бэлтгэсэн талаараа өнөөдөр мэдээллээ.
Тус зөвлөлийн гишүүд ирэх гурван жилийн санхүү, эдийн засгийн төлөв байдлыг дэвшүүлэхдээ олон улсын загварчлалыг ашигласны зэрэгцээ хөрш орнууд болон олон улсын нөхцөл байдлыг тандсан аж. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд уг таамагтаа төсвийн зарлагыг хязгаарлаж, шинэ төрлийн зардал нэмэхгүй байх, алдагдалгүйгээр баталсан 2025 оны төсвийн тухай хуулийг хэвээр мөрдөн, дунд хугацаанд эрсдлээс хамгаалсан бодлого баримтлах шаардлагатай. Түүнчлэн олон улсын байгууллагаас удаа дараа өгч буй уул уурхайгаас хэт хамааралтай нөхцөл байдлыг арилгаж, эдийн засгаа солонгоруулахад анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ гадаад дотоод эрсдэл өндөр байгаа тул Засгийн газар төсөвтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, өнгөрсөн он жилүүдийн алдааг давтахгүй байхад анхаарах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг тусгасан байна.
Тус зөвлөл 2026-2028 оны дунд хугацааны макро эдийн засгийн дээрх төсөөллийг Эдийн засаг, хөгжлийн яаманд энэ сарын 14-нд хүргүүлсэн байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Монгол Улсын төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд бие даасан хараат бусаар ажиллан мэргэжлийн судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт зөвлөмжийг олон нийт болон УИХ-д хүргэх, нийтийн ашиг сонирхол болон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүрэгтэй.