Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын V зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-20 15:38:53

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын V зөвлөлдөх уулзалт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотноо энэ сарын 19-нд болов.

 

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын “оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш бөгөөд “гуравдагч хөрш” Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд манай улс өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. Талууд Монгол, Энэтхэгийн улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, мэдээллийн технологи, боловсрол, соёл зэрэг салбарын болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, 2025 онд тохиож буй хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.


Манай хоёр улс хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буйг талууд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэг бөгөөд Монгол, Энэтхэгийн харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаар тохиров. Талууд НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн харилцан бие биеэ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ