Зам тээврийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбайг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын
ажиллагаа, харилцан айлчлал идэвхжиж байгааг онцлоод, цаашид хоёр орны эдийн
засаг, аялал жуулчлал, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг бүх салбарт хамтын
ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахаа илэрхийлэв. Тэр дундаа зам тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, авто болон агаарын тээвэр, төмөр замын салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцжээ.
Мөн хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээрийн хүрээнд
шинэчлэн сайжруулах, шинээр байгуулах гэрээ, хэлэлцээр, Киргиз улсаас зохион
байгуулж буй “Олон улсын тээврийн форум”-д ЗТЯ, тээвэр логистикийн салбарыг
идэвхтэй оролцуулж, тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын
ажиллагааны үр өгөөжийг нэмэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн
салбарт харилцан уялдаатай холболт бий болгох, тээврийн коридоруудыг хөгжүүлэх,
тулгамдаж буй бусад асуудлыг хамтран шийдэх талаар ярилцжээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газраас баримталж
буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл
ажиллагаа, томоохон төсөл хөтөлбөр, ачаа тээврийн терминалуудыг
байгуулахад онцгой анхаарч байгааг
дурдав.
Элчин сайд Айбек Артыкбайг Киргиз улсын эдийн засгийн зонхилох салбар нь хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, зам тээврийн салбар, байгалийн баялаг гэдгийг онцлоод, хоёр улс хоорондын авто болон агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг танилцууллаа. Тухайлбал, агаарын тээврийн салбарт Киргизийн нийслэл Бишкек хот болон Узбекистан, Тажикстан гээд дамжих боломжтой нислэгийн чиглэл, авто тээврийн салбарт хоёр улсын иргэд саадгүй харилцан зорчих, дамжин өнгөрөх тээвэр хийх зэрэг хамтын ажиллагааны олон таатай боломжийг санал болгожээ.
Уулзалтын төгсгөлд сайд нар Монгол, Киргизийн хамтын
ажиллагааг өргөжүүлж, зам тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа
илэрхийлснийг ЗТЯ мэдээллээ.